Алим тариалалтаараа дэлхийд тэргүүлэгч орнууд
Хүнсний зах, супермаркетуудын лангуун дээр өрөөстэй Америк, Польш, Солонгос, Орос шошготой алимууд үнэхээр тухайн улсаас импортолдог эсэх талаар “Иргэдийн төөрөгдөл буюу “ХИЛЭЭР ОРЖ ИРЭЭГҮЙ "АМЕРИК АЛИМ" сурвалжлагаараа хүргэсэн.
Энэ удаад алим дээрх шошго хэрэглэгчдэд ямар мэдээллийг өгдөг, тэрхүү мэдээллээр дамжуулан иргэд болзошгүй эрсдэлээс өөрсдийгөө хэрхэн хамгаалах боломжтой, алимны чанар болоод хадгалалтын талаарх бусад мэдээллийг МХЕГ-ын ургамал хорио цээр, чанарын хяналтын улсын ахлах байцаагч, доктор, дэд профессор Ц.Итгэлтэй хамтран бэлтгэлээ.
ДЭЛХИЙД АЛИМ ТАРИАЛАЛТААРАА ХЯТАД, АНУ ТЭРГҮҮЛДЭГ
Алим нь сарнай (Rosaceae)-н овгийн алим (Malus)-ийн төрөлд хамаарагддаг модлог, бутлаг ургамал юм.
Энэ төрөлд 30 гаруй зүйл багтдаг бөгөөд хамгийн түгээмэл тархсан нь таримал алим буюу Malus domestica Borkh юм. Дэлхийд алимны 10 мянга гаруй сорт бий. Жимсний хэмжээ, чанар, өвөл тэсвэрлэх чадварыг үндэслэн торниун, бэсрэг, давжаа гэж гурав хуваадаг.
Монгол орны нөхцөлд торниун алимны Оросын Папирова, Налив белый, Боровинка, Антоновка обыкновенная, Грушовка, Московская, Пепин шафранный, Славянка, Ветлуженка, харин давжаа алимны Ранетка, Пурпуровая, Сеянец чудовщина, Янтарка Алтайская, Вкусное, Грелля зэрэг сортууд өндөр ургац өгдөг.
Дэлхийн хэмжээгээр 2010 онд 69 сая тонн алим хураан авснаас бараг тэн хагасыг нь БНХАУ тариалжээ. Хоёрдогч том үйлдвэрлэгч нь АНУ бөгөөд нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 6 хувь орчим нь ногдож байна. Үүний дараа Турк, Итали, Энэтхэг, Польш, Франц, Чили, Аргентин улсууд орж байна. Алимны экспортоор БНХАУ, Чили, Итали, Франц, АНУ тэргүүлдэг аж.
2014 оны арванхоёрдугаар сард FAOSTAT буюу HҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээлснээр 2012 онд дэлхийд 76.3 сая тонн алим хураажээ. Үүнээс Хятад 37 сая тн, Америк 4,1 сая тонныг тариалсан байна.
Г.Одгарав