Монгол Улсад байгаа авто машины тоо
“Амар байна”, “Эрсдэлтэй гэдгээ байнга бодож байх хэрэгтэй”, “Өмнөхөөсөө арай л дээр болчихсон байна” гэх зэргээр жолооч нар сэтгэгдлээ хуваалцаж байв. Гэсэр сүмийн уулзвараар баруун гар тийш байнга эргэхийг зөвшөөрснөөс хойш байдал ямар байгаа талаар асуухад жолооч нар ингэж хариуллаа.
Өнгөрсөн есдүгээр сард ЗЦГ иргэдээс “Байнга баруун гар тийш эргэхийг зөвшөөрөх үү?” сэдвээр авсан санал асуулгаар 2157 хүн саналаа өгсний 97,5 хувь буюу 2105 хүн зөвшөөрнө гэж хариу өгчээ. Ингээд аравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дөрвөн уулзварт гэрлэн дохио үл хамааран баруун гар тийш эргэхийг зөвшөөрсөн юм.
Өнөөдрийн байдлаар Баруун дөрвөн зам, Зүүн дөрвөн зам, Гэсэр сүм, Саппорогийн уулзвар гэсэн дөрвөн газарт ингэж эргэхийг зөвшөөрчээ. Харин ойрын хугацаанд нийслэлийн 48 уулзварт энэ шийдлийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Эргэх зөвшөөрөл бүхий дөрвөн уулзварт “Зам тавьж өгөөд баруун эргэхийг зөвшөөрнө” гэсэн бичигтэй тэмдэг байршуулжээ. Тэгэхээр нийт 16 урсгалаар зорчиж буй жолооч нар баруун гар тийш гэрэл дохио хамаарахгүй эргэж болдог болсон гэсэн үг.
Гэхдээ эргэж болно гэдгийг давуу эрхтэй гэж ойлгож болохгүй. Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат “Жолооч нар нэгдүгээрт Улаанбаатар хотын бүх уулзвар ийм болоогүй, хоёрдугаарт бусад чиглэлийн тээврийн хэрэгсэл болон явган зорчигч нар давуу эрхтэй гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй” гэсэн юм.
Олон улсад мөрдлөг болгосон энэхүү шийдлийн ачаар автомашины уулзвар нэвтрэх чадвар сайжрах, дуу чимээ, замын түгжрэлийг багасгах, агаарын бохирдлыг буруулах зэрэг ач холбогдолтой байхаас гадна, хувь хүний эдийн засагт эерэг үр дагавар гардаг аж.
ЭЕРЭГ ҮР ДАГАВАР
Нэг чиглэлийн гэрэл асах хугацаа 30 секунд гэж тооцоод, дөрвөн замын уулзвараар жишээ авбал тухайн чиглэлд явж буй машин хамгийн урд талд байсан ч гэсэн дээд тал нь 90 секунд сул зогсох шаардлага гарна.
Хэрвээ түгжрэл ихтэй байгаад, хоёроос гурван удаа гэрэл асахыг хүлээж зогсоно гэвэл энэ хугацаа бүр ч урт болно. Харин баруун гар тийш гэрэл дохио хамаарахгүй эргэх болсноор энэ хугацаа бараг байхгүй болсон гэсэн үг юм.
Тэгэхээр цаг хугацааны хувьд дээр дурдсан дөрвөн уулзвараар нэвтэрч буй жолооч нар баруун гар тийш эргэж байгаа тохиолдолд хэмнэдэг болжээ. Биднийг оройн 17 цагийн үед дээрх уулзварууд дээр очиход баруун гар тийш эргэх машинууд зогсож байгаа зүйл бараг байхгүй болсон нь харагдаж байв.
Тэгвэл санхүүгийн хувьд ямар үр дагавар гарах вэ? Юун түрүүнд машин учраас шатахуун зарцуулалтад тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Жишээлбэл 2000сс хөдөлгүүртэй машин сул зогсож байгаа тохиолдолд өвлийн улиралд нэг цагийн хугацаанд 1,2 литр орчим шатахуун зарцуулна гэсэн тооцоо бий.
Ингээд өдөр бүр баруун гар тийш эргэх тохиолдолдоо 90 секунд хэмнэнэ гэж тооцвол 40 хоногт нэг цаг түгжрэлд зогсох байсан хугацаагаа хэмнэсэн, тэр хэмжээгээрээ 1,2 литр шатахуун бага зарцуулсан байж таарах нь.
Мэдээж хэрэг нэг жолоочийн хувьд энэ тоо бага байж болох юм. Харин нийт авто зам ашиглаж буй машинуудаар тооцож үзэхэд өөр тоо гарна. 2014 оны арван нэгдүгээр сарын байдлаар Монгол улсын хэмжээнд 675064 автомашин бүртгэлтэй байжээ. Үүнээс 400 мянга орчим нь нийслэл хотод байдаг гэх тооцоо бий.
Доорх хүснэгтэд нэр дурдсан автомашинуудын тоог 2015 оны нэгдүгээр сараар тооцож авав.
Өдөрт 200 мянган автомашин тогтмол хөдөлгөөнд оролцдог гэж үзвэл 40 хоногийн хугацаанд өдөр бүр 90 секунд хэмнэхэд 240 мянган литр шатахуун буюу 400 орчим сая төгрөг хэмнэх нь. Зөвхөн өвлийн улиралд 1,2 тэрбум төгрөг хэмнэж болох юм.
Гэхдээ баруун гар тийш гэрэл дохио харгалзахгүй эргэх шийдвэрийн дагуу ачааны автомашинуудад үнэмлэхүй хэмнэлт гардаг тухай олон жишээ байдаг аж. Хамгийн тод жишээ нь шуудан хүргэлтийн UPS компани 2007 онд зөвхөн боломжтой л бол баруун гар тийш эргэх шийдвэр гаргаснаар нийт 3 сая ам. доллар хэмнэж байжээ.
1970-аад оны үед Америкийн мужуудад хэрэгжиж эхэлсэн энэ шийдвэрийн ачаар эрчим хүч, эдийн засгийн хувьд эерэг үр дүн гарсан жишээнүүд ч бий.
Та Саппорогийн уулзвар баруун гар тийш эргэх шийдвэр гаргаснаас хойш ямар байдалтай болсныг доорх бичлэгээс үзээрэй.
ӨНДӨР ЭРСДЭЛ БИЙ
Гэсэр сүмийн уулзвараар баруун гар тийш эргэж буй жолооч нараас бид энэ шийдвэрийн үр дүнг хэрхэн дүгнэж буйг нь асуусан юм. Жолооч н.Мөнх-Эрдэнэ “Үнэхээр амар болсон. Өглөө бүр энэ замаар ажилдаа явдаг учраас яг энд ирээд хэсэг түгжирдэг байсан бол одоо тийм зүйл алга болжээ” гэлээ.
Харин жолооч н.Зулцэцэг “Жолооч нар эрсдэлтэй гэдгээ л сайн мэдэх хэрэгтэй байх. Явган хүн, бусад машинууд давуу эрхтэй юм байна лээ шүү дээ” гэсэн юм.
Эдийн засаг, цаг хугацааны хувьд хэмнэж байгаа боловч баруун гар тийш эргэх тохиолдолд явган зорчигч мөргүүлэх, гэрлээрээ явж байсан машинтай мөргөлдөх эрсдэл бий. Тийм ч учраас Америкт энэ журмыг мөрдөхдөө баруун гар тийш эргэх гэж буй жолооч заавал бүрэн зогсож, аюулгүй байдлаа хангасны үндсэн дээр хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрдөг.
Түүнчлэн хортой бодис ачсан ачааны машин, сургуулийн автобус зэргийг ямар ч тохиолдолд баруун эргэхдээ зөвхөн зөвшөөрсөн гэрэл дохиогоор явах ёстой гэж дүрэмд нь заасан байдаг юм байна.
Ногоон гэрлээр явж байгаа машин, ногоон гэрлээр зам хөндлөн гарч буй явган зорчигч хэдий давуу эрхтэй боловч мөргүүлчихсэн тохиолдолд өөрсдөө хохирох учраас давуу эрхээ бус, аюулгүй байдлаа анхаарах нь зүйтэй юм.
Тиймээс давуу эрхтэй ч гэсэн дагаад гарч ирсэн эрсдэлийг нь үргэлж бодож явахыг цагдаагийн хурандаа Э.Бөхбат санууллаа. Харин жолооч та гэрэл дохио харгалзахгүйгээр баруун гар тийш эргэх эрхтэй болсон бол үүргээ ухамсарлаж, аюулгүй байдлаа хангаад хөдөлгөөнөө үргэлжлүүлээрэй.
Эхний ээлжийн дөрвөн уулзварт энэ журмыг мөрдөөд эхэлчихлээ. Дараагийн 48 уулзвар мөн энэ журмын дагуу баруун эргэх нөхцөл бүрдэхээр бүр ч таатай нөхцөл бүрдэнэ. Жолооч нь үүргээ ухамсарлаад, явган зорчигчид нь аюулгүй байдлаа хангаад явж байхад ямар ч асуудал гарахгүй.
А.Ихсанаа