Сонгуулийн холимог систем (2012-2016 оны УИХ)

game

УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн аль ч сонгуулийн мөн чанар нь улстөрийн намуудын ард түмэндээ “хайраа” илчлэх уралдаан болдог. Энэ уралдааны гол дүрэм болох Сонгуулийн нэгдсэн хуульдаа өөрчлөлт оруулах замаар 2016 оны УИХ-ын сонгуулиар олон түмэнд ямар үлгэр яривал илүү оноо авах тухайд улстөрийн намууд ухаанаа уралдуулж байна.

Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр Ажлын хэсэг ажиллаж эхэллээ. Хоёр жил гаруйн өмнө байгуулагдсан Сонгуулийн нэгдсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Р.Бурмаа ахалж байсан ч тэрбээр Засгийн газрын гишүүн болсон учир түүний үүргийг УИХ-ын гишүүн Ж.Банзанданд шилжүүлсэн.

Хоёр жилийн өмнө УИХ-д суудалтай бүх намын төлөөлөл орж байгуулагдсан Ажлын хэсгийнхэн нэлээд зүйл хийжээ. Тэд сонгуулийг аль болох бага зардлаар зохион байгуулах, санхүүжилт нь ил тод байх, сонгуулийн маргааныг богино хугацаанд буюу дээд тал нь 45-60 хоногт багтаан шийдвэрлэх зэрэг гол үзэл баримтлал дээрээ санал нэгджээ.

Харин сонгуулийн тогтолцоо болон санал тоолох хэлбэр зэрэг хэдхэн асуудлаар намууд зарчмын зөрүүтэй байр суурь илэрхийлж буй юм. Тухайлбал:
Ардчилсан нам- 28:48 буюу холимог системийг илүүд үзэж байна. АН-д ялалт авчирсан холимог системийг тэд өөрчлөх бодолгүй байгаа юм.

Монгол ардын нам- Уламжлалт буюу мажоритор тогтолцоогоор сонгууль явуулах нь зөв гэж бүлгийн дарга С.Бямбацогт мэдэгдлээ.

ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл- Үндсэн хуульд шууд буюу төлөөллийн ардчиллын зарчим байдаг. Тэгэхээр ИЗНН пропорцианаль, мажоритор нь ялгарахгүй байх хувилбар буюу 50:50 хувь байх санал дэвшүүлж байна. Бид улс төрийн намуудаараа дамжуулан өөрийн хүсэл зоригоо илэрхийлдэг. Тэгэхээр энэ зарчимд нэг хэсэг нь шууд төлөөллийг сонгодог байх нь зөв. 100 хувь мажоритор тогтолцоотой байх нь ардчиллын мөн чанарыг ойлгохгүй байна” гэсэн үг хэмээн МАН-ын байр суурийг няцаав.

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн байр суурийг бүлгийн дарга Н.Батцэрэг- Хоёр намаас бүрдсэн эвсэл учир хоёр намынхаа удирдах байгууллагууд руу албан бичиг явуулсан. Энэ асуудлаар нам нам дээрээ ярилцаад, байр сууриа тодорхой болгосны дараа УИХ дахь бүлэг гэсэн албан бүтцээрээ яриад, бүлгийн нэгдсэн байр суурийг гаргана. Гэхдээ бид энэ талаар урьдчилсан байдлаар ярьсан. Мажоритор болон пропорцианаль тогтолцоог хоёуланг нь авсан одоогийн тогтолцооноосоо ухрахгүй гэсэн байх суурьтай байсан гэлээ.

Монгол Улс 1992 оны УИХ-ын анхдугаар сонгуулиас хойш таван удаа сонгууль зохион байгуулахдаа хамгийн сүүлд буюу 2012 онд анх удаа холимог тогтолцоогоор сонгуульдлаа. Холимог тогтолцооны үр шимийг хамгийн ихээр хүртсэн нь МАХН-ынхан. Н.Энхбаяраас өөр лидергүй, ганц лидер нь улс төрийн хавчлага дунд байсан хүндхэн үед МАХН-ын нэрээр буюу жагсаалтаар долоон хүн гарч ирсэн нь үүний нотолгоо. УИХ-ын гишүүн О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ тэргүүтэй долоон хүн Н.Энхбаяр гэх ганцхан хүний далбаан дор гарч, арван гишүүн бүхий бүлгийг бий болгож чадсан билээ.

НЭРСИЙН ЖАГСААЛТЫГ НАМ НЬ БУС, ОЛОН НИЙТИЙН САНАЛААР ГАРГАДАГ БОЛНО
28 хүнийг намын жагсаалтаар, 48 хүнийг ард түмний санал хураалтаар тодруулж буй холимог тогтолцоог хэвээр үлдээх сонирхол хууль тогтоогчдын дунд жин дарах хандлага байна. Гэхдээ зөвхөн намын удирдлагууд өөрийн үзэмжээр жагсаадаг энэ системд өөрчлөлт оруулах тухай Ажлын хэсгийн хуралдааны үеэр яригдсаныг гишүүд санал нэгтэй дэмжжээ. Нэрийн жагсаалтыг нам дотроо хэлэлцэж эрэмбэлдэг байсныг нээлттэй болгож, сонгогчдын өгсөн саналын дагуу эрэмбэлэх нь зүйтэй гэсэн саналыг хуульд тусгах тухай яригдсан нь дэвшилтэй. Гэвч найруулгыг цаашид хэрхэн хийх тодорхойгүй байна.

БАЯН, ЯДУУ НАМ ГЭХ ОЙЛГОЛТЫГ ХАЛНА
УИХ-ын сонгууль өнгө, мөнгөний сонгууль болдог. Хэн мөнгө төгрөгтэйд нь боломж үргэлж илүү байдаг нь үнэн билээ. Тиймээс ийм байдлыг арилгах тухай Ажлын хэсгийн гишүүд нухайцтай ярилцжээ. Мөн төрөөс намуудад санхүүжилт олгох, олгохдоо ямар үйл ажиллагааг нь санхүүжүүлэх тухайд санал солилцсон байна.

“Улс төрийн намуудын тээж явдаг үзэл онолыг олон түмэнд хүргэх ажлыг төрөөс санхүүжүүлнэ. Намынхаа өдөр тутмын ажлыг авч явахад зарцуулах үйл ажиллагааны багахан зардлыг төрөөс даая. Төрөөс даахдаа УИХ-д авсан суудалтай нь хувь тэнцүүлсэн байдлаар төсвөөс мөнгө хуваарилъя гэж Ажлын хэсгийнхэн, манай бүлэг ч санал нэгдэж байгаа” хэмээн Ажлын хэсгийн гишүүн Н.Батцэрэг ярилаа.

Энэ тухайд сонгуулийн санхүүжилтийг ил тод болгох, сонгуульд зарцуулах санхүүжилтийн хэмжээг зааж өгөх, гарааны нөхцөл нь нэр дэвшигчид болон улс төрийн намд ч ялгаагүй ойролцоо болгох тухай хуульчлахаар нэлээд ажилласан байна. Эндээс баян, ядуу нам, нэр дэвшигч гэх ойлголт үгүй болох гэнэ.

2011 онд батлагдсан Сонгуулийн хуулиар өрсөлдөгч намуудад эдийн засгийн том ялгаа гаргахгүйн тулд урлагийн тоглолт зохион байгуулах, сонгогчдод бэлэг тараах зэргээр давуу байдлаа илэрхийлэх боломжийг хуулиар хориглосон. Гэвч хэн илүү мөнгөтэй нам болон нэр дэвшигч олон хуудас өнгөт хэвлэмэл материал тараах, халаас нимгэн нэг нь ганц хуудас А4-ийн цаасан дээр Мөрийн хөтөлбөрөө хэвлэчихээд түгээх зэргээр ялгаа гарсан хэвээр байна. Хэн илүү сайн сурталчилгаа хийж чадна, тэр хүнд илүү боломж бий.

Үнэндээ эдийн засгийн чадамжаараа олигархиудтай өрсөлдөх боломжгүй ч өндөр боловсрол эзэмшсэн олон хүн УИХ-ын гишүүнээр сонгогдож чадалгүй үлдсэнийг мэдэх юм. Уг заалтуудаар дээрх ялгааг арилгаж чадвал Сонгуулийн хуулиа дөрөвхөн жилийн дараа өөрчилж буйн ач холбогдол оршино. Мөн сонгуулийн сурталчилгаа хийх хугацааг богиносгож, 14-21 хоног болгох талаар Ажлын хэсгийн гишүүд санал нэгдсэн байна.

САНАЛЫН ХУУДСЫГ МАШИНААР ТООЛОХ УУ, ҮГҮЙ ЮҮ
Сонгуулийн нэгдсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-д суудалтай нам, эвслийн бүлгийн гишүүдийн төлөөлөл багтсан. Тэдний зарчмын хувьд зөрчилдөж буй өөр нэг асуудал нь санал тоолох машинд байгаа. Манай улс 2012 оны УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг анх удаа гараар биш, тоологч машинаар тоолуулсан. Үүнээс хойш Ерөнхийлөгчийн болоод орон нутгийн сонгуульд уг машиныг ашиглав.

Ардчиллын өлгий АНУ саналын хуудсаа уг машинаар тоолдог гэж сурталчлаад Монголд авчирсан өнөөх хар машин нь сонгогч, нэр дэвшигчдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн хэргийн эзэн, хэл амны бай болсон билээ. 1.2-1.3-хан сая сонгогчтой манай улсын хувьд саналын хуудсыг заавал машинаар тоолох шаардлагагүй. Машинаар тоолсон ч заавал хяналтын тооллогыг давхар хийх хэрэгтэй гэж АН-аас бусад улс төрийн намуудын төлөөллүүд санал нэгдэж байлаа.

МАН-ынхан сонгуульд ялагдсан шалтгаанаа уг машинтай холбон тайлбарладаг бөгөөд тоологч хар машинд итгэхгүй гэдгээ эртнээс хэлсээр ирсэн. Тиймээс МАН-ынхан саналын хуудсыг тоологч машинаар тоолоод, маргаан гарсан тойргуудад давхар гар тооллого явуулъя гэж байр сууриа илэрхийлсэн билээ. Харин ялсан АН-ынхан технологийн дэвшлээс ухрахгүй хэмээн өнөөх хар машинд итгэлээ тээсэн хэвээр. Маргаан дагуулсан энэ асуудлыг хэрхэн шийдэж буйгаа Ажлын хэсгийнхэн мэдээлээгүй байгаа юм.

Нэг үеийг бодоход ард түмэн саналаа өгч сурсан. Улс төрийн намуудын хоосон амлалт, амар сайхандаа жарган төгсдөг үлгэрт хэдийнэ итгэхээ больсон. Хэтийдсэн амлалт, хэрэгжүүлдэггүй мөрийн хөтөлбөр хэмээх мөрөөдлийн жагсаалтаас болж олон түмний сонгуульд саналаа өгөх идэвх жил ирэх тусам суларсаар байна.

Энэ нь нийт сонгогчийн 60 хувь нь санал өгснөөр сонгууль хүчин төгөлдөр болсонд тооцно гэх хуулийн босго заалтыг давахгүй байж мэдэхээр байдалд орууллаа. Иймд Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн дүнг “Ирцээр хязгаарлахаа больё, өгсөн саналаар нь тооцьё” гэсэн санал гарган, Ажлын хэсэгт хүргүүлжээ.

Ийм саналыг 2011 онд Сонгуулийн хуулийг хэлэлцэх үеэр оруулсан ч УИХ дэмжээгүй аж. Дөрвөн жилийн өмнө унасан саналыг дахин өргөн мэдүүлж байгаа нь ирц хүрэхгүйгээс сонгууль хүчингүй болж, дахин сонгууль явуулахаас сэргийлж буй хэрэг аж. Гаднын орнуудад ч ийм жишиг байдаг тухай СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн тайлбарласан билээ.

Өлгийдөө өтөлж буй олон хуулийн нэг Сонгуулийн хууль ирэх хаврын улс төрийн өнгө төрхийг тодорхойлох чухал хууль. Улс төрийн намуудын төрийн эрх барих хувь заяаг шийдэхэд хамгийн их нөлөө үзүүлэх хууль учир ирэх хавар энэ хуулийг зүтгүүлж таарна. Төр, олон нийтийн гэхээс илүү намуудын эрх ашгийг хамгийн ихээр хөндөх, маргаан дагуулдаг асуудлуудад тэдний байр суурь зөрчилдөж буйг Та харлаа.

Сонгуулийн хуулийг өөрийн эрх ашигт нийцүүлэхийг хичээх нь ч намуудын улс төрийн ашиг сонирхол. Хэрэв энэ хууль нь аль нэгэн намд тааламжгүйгээр батлагдвал 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө бас илүү төгс төгөлдөр хуулийн эрэлд гарах вий.

Э.Энхмаа