2011-2020 оны нар хиртэх үзэгдэл

game

Ерөнхийдөө жилд дунджаар дөрвөн удаа хиртэлт болдог. Үүний хоёр нь нар, хоёр нь сарны хиртэлт байх юм. Жишээ нь өнгөрсөн 2014 онд нийт дөрвөн хиртэлт болсон бөгөөд хоёр нь нар, хоёр нь сарных байжээ. Харамсалтай нь энэ жилийн анхны нар хиртэлт Улаанбаатарт тийм ч сайн ажиглагдахгүй аж.

Дэлхийн олон хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ гуравдугаар сарын 20-ны өдөр тохиох нарны бүтэн хиртэлтийн тухай шуугиж байгаа нь Европт 1999 оноос хойш үзэгдээгүй зүйл болох гэж байгаатай холбоотой. Грийнвичийн цагаар өглөөний 7 цаг 41 минут буюу Монголын цагаар өдрийн 15 цаг 41 минутад эхлэх үзэгдэл Улаанбаатарт оройн 18 цаг 44 минутад ажиглагдаж эхэлнэ.

Гэвч энэ үед нарны багахан хэсэг нь саранд халхлагдах төдийгүй Улаанбаатарын цагаар 18 цаг 58 минутад нар жаргачихна. Ингээд л бид энэ үзэгдлийг эндээс харах боломжгүй болж байгаа юм.

Тэгвэл нар хиртэлт гэдэг ер нь юу вэ? Дэлхий нар хоёрын хооронд сар орж ирэх үзэгдлийг нар хиртэлт гэх бөгөөд нар сар хоёрын хооронд дэлхий орох үзэгдлийг сар хиртэлт гэдэг.

Түрүүн дурдсанчлан жилийн 365 хоногт дунджаар дөрвөн хиртэлт байдаг гэсэн. Зарим тохиолдолд энэ тоо тав, зургаа эсвэл бүр хамгийн олон буюу долоо хүрэх тохиолдол бий. Нар, сарны хиртэлт нийт долоон удаа болсон тохиолдол хамгийн сүүлд 1982 онд тохиосон бол дараагийнх нь өнөөдрөөс 23 жилийн дараа болох аж.

Түүнчлэн тун ховор тохиолддог долоон удаа нар, сар хиртэх үзэгдэл энэ зуунд ердөө хоёр бий. Эхнийх нь 2038 онд, сүүлийнх нь 2094 онд. 2038 онд нарны гурав, сарны дөрвөн хиртэлт тохиож байгаа бол 2094 онд нарны дөрөв, сарны гурван хиртэлт болох юм.

Зарим тохиолдолд жилд таван удаа нар хиртэж, хоёр удаа сар хиртэх нь бий. Хамгийн сүүлд 1935 онд ингэж байсан бол 2206 оноос нааш дахиж ийм зүйл болохгүй. Тэгвэл мэдээж хэрэг жилд хоёр удаа нар хиртэж, таван сар хиртэх тохиолдол байх бөгөөд 1879 онд нэг болж өнгөрсөн байхад дараагийнх нь 2132 онд болох аж.

Харгалзах он дээр курсороо аваачина уу/Компьютер дээр үзэхэд тохиромжтой/

Гэхдээ бас 365 хоногт долоон хиртэлт болно гэдэг тийм ч ховор үзэгдэл биш ээ

Хачирхалтай сонсогдож болох ч та эхний хиртэлтээс сүүлийн хиртэлт хүртэлх хугацааг 365-аар авч үзэх юм бол энэ хооронд долоон удаа нар, сар хиртэж болно.

Жишээгээр тайлбарлахад 2012 оны арван нэгдүгээр сарын 13-наас 2013 оны арван нэгдүгээр сарын 3-ны өдрийг хүртэлх хугацаанд дөрвөн удаа сар хиртэж, гурван удаа нар хиртсэн байх жишээтэй. Тэгвэл 2018-2019 оны хооронд яг энэ аргаар тооцож үзвэл гурван удаа сар хиртэж, дөрвөн удаа нар хиртэх аж.

Түрүүн дурдсанчлан энэ зуунд эхний аргаар нь тооцож үзвэл ердөө хоёрхон удаа нэг жилд долоон удаа хиртэлт болох бол хоёр дахь аргаар тооцож үзвэл нар сарны хиртэлт нийлээд долоо хүрэх тохиолдол 29 удаа байх юм.

А.Ихсанаа